
Соц нийгмийн үед хариуцлагатай алба
хашиж байсан генерал Л.Пүрэвдоржийн 1990 оны эхээр бичсэн "Бэтэг" гэж
зохиол бий. Гол утга санаа нь Зөвлөлт нөхдүүд Монголын төр, засгийн эрх
мэдэлтнүүдтэй хуйвалдан манай говьд нууцаар цөмийн хаягдал булсан тухай
өгүүлдэг.
Уг зохиолд дурдсан шиг тухайн үед тийм
зүйл болоогүй юмаа гэхэд булахаар санаархсан байхыг үгүйсгэхгүй. Ямар ч
байсан эртнээс, тодорхой хүрээнд цөмийн хаягдлын асуудалд болгоомжлон
сэрэмжилж, хардан сэжиглэж байсан нь үүнээс харагддаг. Одоо ч
сэжиглэсээр байна. Шинэ зуун гарснаас хойш цөмийн хаягдал булах тухай
хэл яриа 2006 онд гарч байсан санагдана. Судлаач Д.Ганхуяг уг асуудлаар
УИХ гишүүдэд хандсан тухай асуудал "Цахим өртөө" гэх гадаад дахь
Монголчуудын сайтаар буюу тун явцуу хүрээнд хөндөөд өнгөрсөн.
Харин
хагас жилийн өмнөөс Америк, Японы хэвлэл мэдээллээр цөмийн хаягдлыг
Монголд булшлах гэж буй тухай асуудал гарч эхэлсэн. Эл албан бус
мэдээлэл, мэдэгдэл нь Монголын нийгэмд яриа цуурхал, дуулиан шуугианы
том сэдэв болон дахин дэгдэв.
ЦӨМИЙН ХАЯГДАЛД ХАНДАХ ДЭЛХИЙ ДАХИНЫ ХАНДЛАГАДэлхийн
эрчим хүчний эх үүсвэр хомсдож, түлшний нөөц эрс багасч, эрчим хүчний
хямралаас гарах бүхий л арга замыг хайж буй өнөө цагт цөмийн цахилгаан
станц байгуулах сонирхол улам өсч байна.
Учир нь цөмийн станц нь
барьж байгуулах өртөг зардал харьцангуй бага, урт хугацаанд ашиглагддаг,
утаа, бохирдол гаргадаггүй учраас байгаль орчинд ээлтэй зэрэг давуу
талтай. Иймээс жижиг, том ялгаагүй олон орон сонирхож буйгаа ил далд
илэрхийлэх болсон. Өнөөдрийн байдлаар дэлхийн 30 орчим улс орон 440
орчим реакторт цөмийн эрчим хүч үйлдвэрлэж, эрчим хүчний хэрэгцээгээ
хангадаг байна.
Эдгээрээс манайд ойрхон оршдог Япон, ОХУ, БНСУ
зэрэг орнууд цөмийн реакторын хүчин чадлаараа эхний тавд жагсдаг. Шинээр
цөмийн станцтай болж буй улс орны тоо ч сүүлийн жилүүдэд огцом өсөх
болсон. Гэхдээ цөмийн цахилгаан станцыг аюулгүй ажиллуулах, хаягдлыг нь
найдвартай хадгалах асуудал үр ашгаа өгөхийн хэрээр асар том аюул эрсдэл
дагуулсаар ирэв. Өдгөө дэлхийн эрчим хүчний 16 хувийг эзэлж буй цөмийн
реакторын тоо 2030 он гэхэд 66 хувь болтлоо өсөх юм. Дагаад түүнээс
гарах хаягдлыг хэрхэх тухай асуудал аяндаа тавигдахад хүрнэ.
Ирээдүйд
гэхээсээ энэ оны гуравдугаар сард болсон Японы газар хөдлөлт,
цунамигийн уршгаар цөмийн станцаас алдагдсан цацраг идэвхт бодисын
тархалт дэлхий дахинд ноцтой сануулгыг тэртээ тэргүй өгөөд эхэлчихлээ.
Цөмийн эрчим хүч ашиглахаас бүрмөсөн татгалзахыг цөмийн реактортай улс
орны иргэд шаардаж, жагсаал цуглаан цөөнгүй гаргах болсон. Зарим нь үр
дүнгээ өгч, Засгийн газар нь цөмийн станц ашиглахаас татгалзах болсон
тухайгаа ч мэдэгдээд авсан.
Хэрэг дээрээ энэ нь бүрэн татгалзсан
гэсэн үг огт биш бөгөөд одоогийн технологио өөрчилж, шинэ найдвартай
арга технологи нэвтрүүлэхэд анхаарах тухай л санаа сэдлийг өгсөн хэрэг
юм. Цөмийн эрчим хүчний хэрэглээтэй уялдан тэрхүү айхтар аюул дагуулсан
цөмийн хаягдал гэгчийг дахин боловсруулж болдоггүй юм уу гэх асуулт
урган гарч байна. Цөмийн хаягдал гэдэг нь чухамдаа станцад ашиглагдсан
түлш биш, харин технологийн онцлогоос болж ашиглагдаагүй орхигдсон хэсэг
юм.
Энэ нь цөмийн реакторт орсон түлшний 90 хувийг эзэлдэг.
Энэхүү хаягдлыг дахин эргэлт оруулах тухай асуудал бүр 60-аад жилийн
тэртээгээс яригдаж, тодорхой түвшинд туршилт судалгаа хийгдэж иржээ.
Сүүлд гэхэд хятадууд хаягдлыг 90 хувь хүртэл дахин боловсруулж чаддаг
болсон тухай мэдээлэл бий. Гэвч цөмийн хаягдлыг дахин боловсруулах өртөг
зардал нь байгалийн уран олборлон ашиглахаас хэд дахин өндөр гардаг тул
цөмийн реактортай улс орнууд хоёр дахь хувилбарыг чухалчилдаг байна.
МОНГОЛД ЦӨМИЙН ХАЯГДЛЫГ БУЛСНААС ГАРАХ ЭРСДЭЛ, ДАВУУ ТАЛУрьдчилсан
байдлаар ураны нөөцөөр дэлхийд эхний 10 дотор тооцогдох болсон Монгол
Улс уг нөөцөө стратегийн ач холбогдолтой хэмээн тооцож, эдийн засгийн
хувьд төдийгүй улстөрийн хувьд их гүрнүүдийн дунд тоглолт хийж, ашиг
унагахаар сүүлийн жилүүдэд эрчимтэй ажиллаж эхлэв. "Цөмийн энергийн
газар” гэх яамны хэмжээний орон тоотой байгууллага хүртэл байгуулан, үйл
ажиллагаагаа идэвхтэй явуулж эхлээд удаагүй байна. Цөмийн цахилгаан
станц байгуулахыг ойрын 10 гаруй жилд хэрэгжихүйц төсөл гэж үзэж буй том
амбицаа ил, шууд илэрхийлээд авсан Монголын цөмийн энергийн газар
хаягдлыг нь ч бас булшлах ажлыг хуулиар хариуцсан.
Гэхдээ эцсийн
шийдвэр гаргах нь тэдний эрх мэдлээс хэтийдсэн хэрэг юм. Цөмийн хаягдал
булшлахтай холбоотой асуудлаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан
мэдээ шуугиан, зарим судлаач, шинжээчдийн санаа бодол дээр тулгуурлан
хэд хэдэн таамаглал дэвшүүлж болох байна.
Хувилбар 1.
Аль хэдийн нууцаар авч ирээд Монголын говьд булшилсан гэх мэдээлэл хэр
үнэний ортой вэ. Үнэхээр Монголын газар нутагт цөмийн шаар булшилсан бол
яаж цамнаад ч буцаах аргагүй юм. Эл таамаглал үнэн бодитой байх үйл явц
бол Монголын улстөрийн хүрээнд уг асуудлын талаар тун ажин түжин байгаа
явдал юм. Уг асуудал чухамдаа улстөр хийх маш том сэдэв. Ядаж л
улстөрийн аливаа сэдвээр чадварлаг тоглолт хийдэг Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж чимээгүй байгаа нь ингэж сэжиглэх том сэдэл.
Өөрөөр
хэлбэл, УИХ гишүүд ч мэдэж амжаагүй, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн
хүрээнд чанд нууцалж, шийдвэрлэгдсэн байж болох магадлалтай. Одоогоос
тав, зургаан жилийн өмнө Засгийн газрын холбогдох мэргэжилтнүүд гэгдэх
үл мэдэгдэх нөхдүүд өрнөдийн цөмийн шаар булах технологитой нэг бүрчлэн
танилцаж судалсан сураг бий.
Хувилбар 2. Таван
толгойн болон бусад стратегийн ордтой холбоотой АНУ, Японтой байгуулж
буй гэрээ хэлэлцээрээс нийгмийн анхаарлыг хөндийрүүлэх арга мэх байж
болох талтай. Учир нь Монголын нийгэмд уул уурхайн салбарын бүхий л
асуудал хуурай өвсөнд тавьсан гал адил тэр чигтээ улстөржих бэлээхэн
сэдэв болох нь ердийн үзэгдэл болсон. Энэ нь олон түмний ойлгохыг
хүсдэггүй уул уурхайн салбарт их гүрнүүдийн эрх ашгийн тэнцвэрийг
хангах, геополитикийн оновчтой тоглолт хийх зэрэг улстөрийн бодлогын
нарийн асуудлуудыг шийдвэрлэхэд багагүй бэрхшээл учруулж байна. Иймээс
улстөрийн ийм арга мэх явуулах нь байдаг л тактик.
Хувилбар 3.
Үнэхээр тодорхой тооцоо судалгаа хийсний дүнд цөмийн хаягдлын агуулах
барих тохиромжтой газар нутаг Монгол Улс болох талаар АНУ болон Японы
улстөрийн хүрээнд эрчимтэй яригдсан байж болох юм. Энэ үндсэн дээр
Монголын Засгийн газрын холбогдох эрх мэдэлтнүүдтэй уулзаж, тохиролцоо
хийх замаар харилцан ашигтай том хэлэлцээр хийх боломж нөхцөлийг эрж
хайсан байх талтай. Нэн тэргүүнд үүн дээр үндэслэн уран боловсруулах,
худалдах, Монголд цөмийн цахилгаан станц барих талаар том тохиролцоо
хийх бололцоо бүрдэх юм.
(Энэ тухай анх гуравдугаар сарын сүүлээр
"Nuclear Threat Initiative” (NTI) байгууллагын сэтгүүлч Илэйн Гроссманы
нийтлэлд тун тодорхой өгүүлсэн байдаг) Далимд нь хөрш их гүрнүүдийн
хариу үйлдэл, Монголын олон нийтийн санаа бодлыг судлах зорилгоор зориуд
шуугиан тарьсан мэдэгдэл, мэдээ мэдээлэл тараасан байх магадлал бий.
Эсвэл цөмийн эрчим хүч ашиглахыг эрс эсэргүүцдэг өрнөдийн иргэний
хөдөлгөөн, бүлгүүдээс эрх баригчдынхаа далд бодлого, үйл ажиллагааг
үймүүлэн дэлхий дахины ялангуяа Монголын ард түмний анхаарлыг татах
зорилгоор явуулсан хэвлэлийн дайн ч байж болно.
Тэрчлэн цөмийн хаягдлыг Монголд булах тухай асуудалд хандах хоёр янзын хандлага байгаа нь ажиглагдаж байна.
1.
Цөмийн хаягдлын агуулах барих нь ашигтай. Үнэхээр цөөн хүн амтай, том
газар нутагтай, гал усны аюул, газар хөдлөлт багатай улс орон цөмийн
хаягдал булах тохиромжтой цэг болох ёстой гэх алсын бодол, ойрын тооцоог
амин эрх ашгаа бодолцсон улс гүрнүүд тэр дор нь гаргаж чадна. Мэдээж
харилцан ашигтай, хэн хэндээ хор хохирол учруулахгүйгээр хэрэгжүүлж
болно гэж үзсэн нөхцөлд шүү дээ. Өөрөөр хэлбэл, энэ бол нэг талаас
зүгээр л бизнес.
Яг энэ санааг УИХ-ын гишүүн О.Чулуунбат
ярилцлагадаа ил шулуухан мэдэгдсэн. Тэрбээр Монголд цөмийн хаягдлын
агуулах барих боломж нөхцөлийн талаар Тайваньд очиж холбогдох нөхдүүдтэй
уулзсанаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Манай нэг бус төрийн түшээ цөмийн
энерги гаргах, хаягдал хүлээн авах бололцоо нөхцөл, эрсдлийн талаар
хөгжингүй орнуудад туршлага судлаад ирсэн гэж байгаа. Монголд цөмийн
хаягдал булах агуулах барьснаар техник, технологийн болон эдийн засгийн
унацаас гадна улстөрийн хувьд үр өгөөж гарч болохыг шийдвэр гаргагчид
тооцох нь лавтай. Эдийн засгийн хувьд гэхэд л улсын төсвийг хэд дахин
нугалсантай тэнцэх ашиг авч ирнэ гэсэн хөндий тооцоо бий.
Тэрчлэн
Казахстаны Засгийн газар цөмийн хаягдал булшлах цэг болохоо дэлхий
дахинд зарлаад амжсан. Тэд үүнээс гарах үр ашиг, улстөрийн унацыг
хангалттай тооцож үзсэн л байж таарна. Манай хойд хөршийн Эрхүүгийн
тойрогт буюу Монголд маш ойрхон, салхин талд маань цөмийн хаягдлын
агуулах байдаг тухай нууц мэдээлэл бий. Хэрэв тийм бол тэртээ, тэргүй
бид тэр чигт нь тойрсон цацраг идэвхийн голомтуудад бүслэн хаагдсан болж
таарна.
Нөгөө талаас АНУ, Японы талаас илэрхий лоббидож буй олон
улсын цөмийн түлш нийлүүлэлтийн шинэ дүрэмд цөмийн түлш нийлүүлсэн улс
хаягдлаа мөн буцаан авах үүрэгтэй болох юм. Үүгээр бол борлуулж ашиг
олсон ураныхаа хаягдлыг эргүүлэн авах шаардлага бидэнд тулгарна. Аюул
эрсдлийн хувьд цөмийн хаягдал булахаасаа илүү Монголд хаа сайгүй илэрч,
хайгуул олборлолтод нь хатуу хяналт тавьж чадахгүй байгаа ураны ордуудын
учруулах хөнөөл өндөр байх магадлалтай байна.
Учир нь уран
олборлож, боловсруулах асуудал өрнөдийн өндөр технологи, хяналт шалгалт
дор хийгдэх бол удаах асуудлыг бид өөрсдийн зохицуулалт, бололцоо
нөхцөлөөр зохицуулж таарна. Зарчмын маш том зөрүү гарна гэсэн үг. Энэ
талаар ч эрх баригчид толгойгоо гашилган, санал зөвлөмж боловсруулахыг
холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон нь гарцаагүй. Цөмийн
энергийн тухай хуулиар бол Монгол Улс зөвхөн өөрийн цөмийн станцынхаа
хаягдлыг газар нутаг дээрээ булах бололцоо нээлттэй байгаа. Хэрэв гаднын
цөмийн хаягдлыг булшлах сонирхол давамгайлбал энэхүү хуульдаа нэмэлт
өөрчлөлт оруулахад л хангалттай юм.
ЦӨМИЙН ХАЯГДЛЫН ГОЛОМТ БОЛГОХГҮЙ ГЭХ ХҮСЭЛМонгол
Улсын хуульд гаднынхны цөмийн хаягдлыг Монголд булшлахыг хориглосон
тухай заалт энэхүү хүсэл бодлыг тээгчдийг түр ч атугай тайвшруулах нэг
үндэслэл юм. Тэгээд ч уг асуудал "Олон улсын цөмийн энергийн
агентлаг”-ийн хяналт дор явагддаг нарийн төвөгтэй ажиллагаа. Гэвч хууль
дүрэм нь хэрэгждэггүй, төр засаг нь авилгад автагдсан, хариуцлага
хүлээлгэх боломжгүй жижиг улс оронд цөмийн хаягдал булчихаад хэнэггүй
суух зориг зүрх Монголын ард түмэнд төдийгүй их гүрнүүдийн хувьд тун том
эрсдэл дагуулсан хэрэг болох юм.
Мөн хөрш хоёр гүрэн уг асуудалд
ихэд болгоомжтой хандаж, анхааралтай ажиглаж буй нь тодорхой. Гол
эсэргүүцэл урд хөршөөс гарах талтай. Учир нь бид тэдний салхин талд
оршдог. Тэд ямар байр суурьтай нь одоохондоо тодорхойгүй байна. Оросын
нэг сэтгүүлч булшлах хаягдал нь Оросын газар нутгаар дамжихаас өөр
аргагүй, гарцгүй болохыг сануулж, өөрсдийг нь үл хайрхан, дээгүүр сэвж
өрнөдийн гүрнүүдтэй ил далд гэрээ хэлэлцээр хийж буй хэмээн Монголын эрх
мэдэлтнүүдийг битүүхэн түншээд авсан. Нөгөө талаар Монгол бол экологийн
хувьд харьцангуй цэвэр орон.
Гэтэл цацраг идэвхт бодисын аюул
эрсдэл дор айж суухад хүрэх шинэ эрсдэлтэй учрахыг хүсэхгүй нь тодорхой.
Учир нь уг шаарыг найдвартай хадгалах технологийг хүн төрөлхтөн сэдэж
амжаагүй байна. Хэрэв хадгалсан шаар алдагдаж, хяналтаас гарахад хүрвэл
гурван сая жилийн дараа л байгаль орчноос бүрэн задарч дуусдаг тухай
АНУ-ын ШУА-ийн судалгааны дүн бий. Жинхэнэ гамшиг дагуулсан ноцтой
газрын бэтэг болно гэсэн үг. Цацраг идэвхт бодис бүү хэл жирийн нүүрсний
утаагаа шийдэж чадахгүй улс оронд маань хэрэв аюул учирвал ёстой нөгөө
бантангаа нэг мөсөн зуурахад хүрнэ гэгч болох вий. Үндэсний аюулгүй
байдал, оршин тогтнолд шууд холбогдох уг асуудлыг нээлттэй хэлэлцэхээс
цааргалж, олон нийтээс нууж, улс гүрнүүдтэй хуйвалдаж шийдвэрлэх гэж
буйд хүмүүс бухимдаж байна.
Тэгээд цөмийн шаар булах агуулахыг
Монголд байгуулах асуудалд олон нийтийн санаа бодол ихэнхдээ сөрөг
хандлагатай байна. Ялангуяа цахим орчинд идэвхтэй ажиллаж, харилцдаг
монголчууд эсэргүүцлээ байнга илэрхийлж байна. Энэ асуудалд жаахан л тос
нэмж, улстөржүүлэхэд ард нийт анхаарлаа хандуулж, эрх баригчдын нэр
хүндийг унагахад хүрнэ. Эрх баригчдын хувьд улстөрийн нэр хүндээ авч
үлдэх сонирхол юу юунаас чухал зүйл шүү дээ. Тийм ч учраас Ерөнхий сайд
асуулгын хариугаараа, Гадаад харилцааны сайд албан мэдэгдлээрээ цөмийн
хаягдлыг булах ямар ч бололцоо нөхцөл байхгүйг батлан хэлсэн биз.
Ийнхүү
Монголд цөмийн хаягдал булах асуудал "бэтэг” болон бугших эсвэл "бүтэг”
хэмээн дэмжих эсэх тухай хэлэлцүүлэг, санаа бодол ид өрнөсөөр байна.
Цөмийн хаягдлыг эх орондоо булшуулах тухай асуудал байнга биш юмаа гэхэд
тодорхой хэмнэлтэйгээр яригдсаар байх нь лавтай. Нэг үгээр уг маргаан
нэг мөр шийдэгдэхгүй ийнхүү яригдсаар байх болно хэмээн судлаачийн хувьд
дүгнэх байна.