
Английн зохиолч Ж.Роулингийн алдарт "Харри Поттер" зохиолоос сэдэвлэн бүтээсэн "Харри Поттер" цуврал кино гараад өдгөө арван жилийн нүүр үзэж байгаа билээ. Нийт найман хэсгээс бүрдэх уг киноны хамгийн сүүлийнх нь болох "Харри Поттер ба үхлийн тахил 2" кино уржигдар нээлтээ хийлээ. Худалдаанд гарсан даруйдаа борлуулалтаараа дээд амжилт тогтоож, 91.2 сая ам.долларын ашиг олсон байна. Анх гарсан цагаасаа "Харри Поттер" нь дэлхийг байлдан дагуулж, олон сая шүтэн бишрэгчидтэй болсон билээ. "Харри Поттер ба үхлийн тахил" киноны нэгдүгээр хэсэг нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн юм. Шидтэний сургуулийн бяцхан хүү багадаа эцэг, эхээ хорон санаат шидтэний гарт алдаж, өөрөө амьд үлддэг билээ. Хүүгийн алдар нэр шидтэний ертөнцөд түгэн ирээдүйн агуу шидтэн болох замналыг тавьдаг. Эцэг, эхийг нь хөнөөсөн хорон санаат шидтэн Волдеморт түүнийг хөнөөхөөр завддаг талаар өгүүлдэг билээ. "Варнер Брос" компани урьд нь "Харри Поттер" киноноос ойролцоогоор 21 тэрбум ам.долларын ашиг олсноо мэдэгдэж байсан. Түүнээс 6.4 тэрбумыг нь өмнөх долоон цувралаас олсноо онцолж байсан билээ.
Бичсэн тоо: #2